“Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2016 оны 01 тоот албан даалгавар, аймгийн Онцгой комиссын “Шар усны үер, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2016 оны 3-р сарын 21-ны өдрийн 02 тоот албан даалгавар, ОБЕГ-ын даргын 2016 оны 3-р сарын 22-ны өдрийн 01 тоот “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай” албан даалгаврын  хэрэгжилтэнд хяналт тавих, орон нутагт гал түймэр, гамшиг, ослоос хамгаалагдсан байдалд үнэлгээ, дүгнэлт, мэргэжлийн зааварчилгаа өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүйгээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 4-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Арбулаг сумдад ажиллаа.

Ажлын хэсэг сумдын Онцгой комиссыг хуралдуулж, болзошгүй гамшиг осол, ой хээрийн түймэр, мал амьтаны гоц халдварт өвчин, хүчтэй салхи шуурга, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдал, чанар, үр дүн, Гамшгаас хамгаалах орон тооны бус алба, штаб, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал, ажиллах журам зааврын болон Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын хэрэгжилт, Гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, тухайн жилд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж буй төсөвтэй танилцаж, үүрэг чиглэлийг газар дээр нь өгч ажиллажээ.

Мөн сум, орон нутагт шинээр баригдаж байгаа болон баригдсан барилга байгууламжийн зураг төслийг гал түймрийн улсын хяналтаар баталгаажуулсан байдал, улсын комиссоор хүлээн авсан шийдвэртэй эсэх, галын аюулгүй байдал хангагдсан эсэх, аврах зам гарц, гэрэлтүүлэг, авралтын тэмдэг, тэмдэглэгээ, бүдүүвчийг шаардлагын дагуу байрлуулсан эсэхийг шалгаж, үүрэг даалгавар өгсөн байна.

         Ажлын хэсэг дээрхи сумдад ажиллахдаа орон нутагт ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд сум, багаас дайчлагдан гарах I, II дугаар ээлжийн бие бүрэлдэхүүний томилгоог тодотгож, хүн, хүч техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, гарын доорхи материал ашиглан ой хээрийн түймэр унтраах багаж,  тоног төхөөрөмж хийж нөөц бүрдүүлсэн байдал, хадгалалт хамгаалалт, Ойн нөхөрлөлүүдийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажил зохион байгуулан  ажиллаж байгаа байдлыг зургаар баримтжуулан авч ажилласан байна. 

Улаан-Уул суманд түймрийн эргүүлийг баг бүрт гарган ажиллуулж байгаа бөгөөд сумаас 6 сая төгрөгийг урьдчилан сэргийлэх ажилд төсөвлөн гаргасан аж. Төрийн албан хаагч бүр нэг бухал буюу 40 кг өвс бэлтгэн нөөц бүрдүүлж, зах зээлийн үнээс доогуур малчдад олгосон нь өвлийг давахад тодорхой хэмжээгээр үр дүн өгсөн байна. Гал унтраах рело 15, үлээгч аппарат 4 ширхэгийг худалдан авч, сэрээ жоотуу, тасдагчыг гарын доорхи материал ашиглан хийж ой, хээрийн түймэр унтраах багаж,  тоног төхөөрөмжийн нөөцөө бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио, ус зөөвөрлөгч автомашин худалдан авахаар төсөвтөө тусгаад байгаа юм байна. Байгаль хамгаалах сарын аян өрнүүлж хүмүүсийг урамшуулсан нь үр дүнтэй ажил болжээ.

Цагааннуур сум 2016 онд Байгаль хамгаалах сангаас 9 сая төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр гал унтраах багаж \рело\, дуут дохио худалдан авахаар төлөвлөжээ. Аймгийн Улаан-Уул сум дахь нөөцөөс 15 тонн тэжээл авсан. Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд ЕБС дээрээ “Өсвөрийн аврагч” клубыг байгуулж, нэг ангийг бүрэн тохижуулсан байна. Ажлын хэсгийн ахлагч Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй, сум бүрт гамшгаас хамгаалах төлөвлөгөө бий. Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумын Онцгой комиссын дарга буюу Засаг дарга нарыг ой, хээрийн түймэр буюу гамшгийн үед хамтран ажиллах төлөвлөгөө батлуулж ажиллахыг үүрэг болголоо.

Ренчинлхүмбэ суманд өнгөрсөн онд адууны цахилгаан томуугаар 147 адуу үхэж устгалд оруулж хүнд нөхцөлд ажилласан байна. Засаг даргын нөөц, Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас тодорхой төсөв гарган  ой, хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Тус сумын хувьд 25 мянган үхэр, 10 мянган адуу вакцинд хамруулна. 1 тонн ариутгалын бодис шаардлагатай байгаа талаар хэлж байлаа.

Баянзүрх сум ойн 7 нөхөрлөлтэй бөгөөд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлыг хамтран зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд дүйцүүлэх албаа дайчлан ажиллаж байгаа аж.

Арбулаг сум 2016 онд Гамшгаас урьдчилан сэргийлэх зардалд 5,6 сая төгрөг төсөвлөсөн байна. Гарын доорхи материал ашиглан ой хээрийн түймэр унтраах багаж,  тоног төхөөрөмж хийж мэргэжлийн анги, бүлгийн хүн бүрийг хангасан нь давуу талтай байлаа. Улаанбурхан өвчний өвчлөл их байгаатай холбогдуулан хяналтыг сайжруулан ажиллаж байгаа бөгөөд вакцин хангалт удаашралттай цувж ирж байгаад анхаарч өгөхийг хүслээ.