Хаврын хуурайшилт эрт явагдаж ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан сумдад  ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түймэртэй тэмцэх бүрэлдэхүүний бэлтгэл, хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдлыг хангуулахаар аймгийн “Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийг Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас хамтарсан 2 ажлын хэсэг томилогдон 3-р сарын 21-ээс 4-р сарын 4-ны хугацаанд 18 сум 4 тосгонд ажиллалаа.

Бэлэн байдлын үзлэгийн дүнгээр сумдын түймэртэй тэмцэх бүлэг хэсгүүдийн түймэр унтраах багаж хэрэгсэлийн тоо чанар нэгдсэн байдлаар 9 хувиар өссөн боловч түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түймэртэй тэмцэх бүрэлдэхүүний бэлтгэл, хөдөлмөр хамгаалал  зарим сумдад хангалтгүй байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр Баян-Адрага-20.8, Баянмөнх-20.1, Баян-Овоо-25, Баянхутаг-22.9, Батноров-24, Батширээт-24.5, Биндэр-24.4, Бор-Өндөр-17.9, Бэрх-24, Галшар-22, Гурванбаян-21.9, Дадал-23.2, Дархан-21.4, Жаргалтхаан-23, Дэлгэрхаан-24.6, Мөрөн-25, Норовлин-24, Өмнөдэлгэр-20, Өлзийт 24.5, Хэрлэнбаян-Улаан-24.2, Тахилгат-20.8, Цэнхэрмандал-24.6, Хэрлэн-20 оноотой тус тус дүгнэгдсэн бөгөөд үзлэгийн дүн аймгийн Засаг даргын 2016 оны А\77 дугаар захирамжаар нийт сум тосгодын дунд зарласан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор гаргасан “Болзолт уралдаан”-ны дүнд нэгтгэн дүгнэгдэхээр журамд заагдсан байна.

Энэ удаагийн бэлэн байдлын үзлэгийн онцлог нь сумдын ой нөхөрлөл, мэргэжлийн байгууллага, малчдын нөхөрлөлүүдийг хамруулсан явдал бөгөөд түймэр унтраах багаж хэрэгсэлийг зохих хэмжээнд бэлтгэн оролцлоо.

Ажлын хэсгээс сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, түймэр унтраах бүлэг хэсгүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, түймэрт ажиллах бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангах талаар сургалт, зааварчилгаа өгч ажилласан бөгөөд үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгуулах, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллав.

 

 

  Гамшгаас хамгаалах улсын хяналтын

ахлах байцаагч онцгой байдлын ахмад Р.Батсайхан