Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсан 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч нар бие бялдар, албаны бэлэн байдал, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон Марш тактикийн тэмцээн Мөрөн хотын Чимэд толгойд зохион байгуулагдлаа.
     Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нийт 7 салаа оролцсон юм. АКМ буу задалж угсрах, гир өргөх, торон саад туулах, самбар, гранат шидэх, ар тал \сум зөөх\ буудлага хийх, байр зүй, химийн саад нэвтрэх зэрэг үндсэн 7 норматив бүхий төрлөөр өрсөлдсөн юм.
     Хөвсгөл аймгийн цэргийн хүрээний анги байгууллагуудын марш тактик тусгай бэлтгэлийн аврага  тасаг шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газраас 2 тасаг оролцож Онцгой байдлын газрын Улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Ц.Доржпүрэвээр ахлуулсан 2 дугаар тасаг 2-р байр эзэлж мөнгөн медаль,Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Х.Мөнхбатаар ахлуулсан 1 дүгээр тасаг 4 дүгээр байр тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.