Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 7 дугаар хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ, хорооны ажлын алба, "Сонгинохайрхан хөгжил" төрийн бус байгууллагатай хамтран тус хорооны иргэн 84 настай Мандар гуай /гал түймрийн улмаас гэр оронгүй болсон/-д газар, 5 ханатай иж бүрэн гэр, эд хогшил, тавилга, цагаан сарын тавгын идээ, ууц, буузны мах, шуудай гурил, түлээ, нүүрс зэргийг буцалтгүй тусламж болгон өглөө. Одоогоос 4 жилийн өмнө Мандар гуайн гэр шатахад хүргэн хүү нь амиа алдан түүнээс хойш охин, зээ хүүгийн хамт орох оронгүй тэнүүчлэн амьдарсаар өдийг хүрсэн юм. Мандар гуай орон гэртэй болохоор олон жил хөөцөлдөн явсаныг ойр хавийнхан нь сайн мэдэх бөгөөд гэртэй болж байгааг дуулсан хүмүүс цагаан сараа сайхан тэмдэглээрэй гээд сайхан сэтгэлээсээ тусалж байсан юм. Нүүрс мод зарж байсан залуу 10 шуудай нүүрс, мод өгч, ойролцоох дэлгүүрээс нэг шуудай гурил бэлэглэж, 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хонины мах бэлэглэх зэргээр сайн үйлсийн ажилд сэтгэл нэгдэн оролцлоо.