Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран Архангай аймгийн Цэнхэр суманд "Хүмүүнлэгийн үйлсэд хамдтаа" өдөрлөг арга хэмжээг тус сумын ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Онцгой байдлын газар, Улаан загалмайн хорооноос бэлтгэгдсэн "Бэлэн бай" сургалтын сургагч багш нар "Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн" гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг 10-12 дугаар ангийн 30 сурагчдад зохион байгуулж, санамж боршур 200 ширхэгийг тараалаа. Хамтран зохион байгуулагч байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, Улаан загалмайн хорооноос АХА танин мэдэхүйн тэмцээн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс сурагчдын үсийг үнэ төлбөргүй засах үйлчилгээ үзүүлж, Цусны салбар станцаас шинээр донор элсүүлэх, цусны бүлэг тодорхойлох үйлчилгээ үзүүллээ.