Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, орон нутгийн Дэлхийн зөн Архангай 1, 2 байгууллага, Улаан загалмайн хороо хамтран аймгийн хэмжээнд сургалт зохион байгуулах “Бэлэн бай” сургалтын сургагч багш нарыг бэлтгэлээ. 
Аймгийн Засаг даргын А/93 дугаар захирамжаар сургалтанд хамрагдах сайн дурын идэвхтэн гишүүд, хөтөлбөр төлөвлөгөөг баталж, сургалтын хэрэглэгдэхүүнийг хийж бэлтгэн, хичээл заах бэлтгэлийг хангууллаа. 
“Бэлэн бай” сургалтыг 2018 оны 15, 16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгуулж Эрдэнэбулган, Хайрхан, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат сумаас нийт 30 сургагч багш бэлтгэгдэж сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа. Тус сургалтыг энгийн ойлгомжтой, оролцооны аргад тулгуурлан мэдлэг түгээх сургалтын арга зүйгээр зааж сургасан нь оролцогчдод сонирхолтой, сургалтын үр дүн сайн байсан бөгөөд үүгээрээ өмнөх сургалтуудаас онцлог боллоо. Сургалтын үр дүнг оролцогчдоор хичээл заалгаж, 30 асуулт бүхий тестээр шалгалт авч үнэлж дүгнэлээ.
Цаашид эдгээр сургагч багш нар өөрийн орон нутаг болон аймгийн нийт 19 сумын иргэдэд гамшгийн тухай ойлголт, байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, өөрийгөө болон бусдыг хамгаалах арга ухаан, анхны тусламж үзүүлэх, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх талаар мэдлэгийг түгээн ажиллах юм.