Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг 2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд Архангай аймагт ажиллаж байна. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Улсын онцгой комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, хошууч С.Мөнхнаран, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Болдбаатар ажиллаж байна. 
Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Архангай аймагт 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 17,3 мянган малчин, мал бүхий өрхөд 5290,3 мянган толгой мал үүнээс тэмээ 1,4 мянга, адуу 381,0 мянга, үхэр 628,7 мянга, хонь 2844,3 мянга, ямаа 1435,0 мянган толгой мал өвөлжиж байна.
Архангай аймгийн хувьд 2017 онд аймгийн ниит нутгийн 80% нь гандуу зуншлага муу байсан учир малын бэлчээр даац 3-5 дахин бүх сумдын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдсэн. 
2017 оны 10-р сараас 2018 оны 1-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд их бага хэмжээгээр 35 удаа цас орж, цастай өдөр 100 гаруй хоног үргэлжилж байна. Цасны дундаж өндөр тал газартаа 8-15 см, уулын бэл 10-20 см, хунгар 25-50 см зузаан цастай байна. 
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр аймгийн Булган, Жаргалант, Өгийнуур, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, Цахир, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэмандал сумдын нутгаар цагаан зудтай, Батцэнгэл, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат сумдын нутгаар цагаанаар зудархуу байна.
Одоогоор аймгийн хэмжээнд 7740 толгой мал зүй бусаар хорогдсон үүнээс адуу 561 толгой, үхэр 1286 толгой, хонь 3028 толгой, ямаа 2865 толгой хорогдсон байна. 
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс 3 удаа хуралдаж аймгийн нөөцийн 360 тонн өвсний үнийг 40 хувиар бууруулан сумдад хураарилан олгосон. Мөн сумдын нөөцөд бэлтгэсэн өвсийг малчдад олгож дууссан байна. 
Аймгийн Засаг даргаас Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэгт хандан сумдаас өвс тэжээл авах санал хүсэлт ирсээр байгаа учир өвсний хангалтыг нэмэгдүүлэх, Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ердийн тээврийн хэрэгсэл явж алслагдсан малчдад хүрэх боломжгүй байгаа тул зам гаргах техник, хөрөнгийг шийдвэрлэх, Онцгой байдлын газарт шуурхай албаны Уаз-фургон автомашин Улсын нөөцөөс шийдвэрлэх, Цэнхэр, Ихтамир сумдыг зудтай сумын үнэлгээнд оруулах, Булган аймгийн Рашаант сумтай хил залгаа Хашаат, Өгийнуур сумын малыг Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зэрэг саналыг тавилаа.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс 480 тонн өвсийг үнэгүйгээр, 430 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөлтгэйгээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргаар ахлуулсан Шуурхай бүлэг аймгийн онцгой комиссоос тавьсан санал хүсэлт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр 150 тонн өвс, 150 тн тэжээлийг нэмж олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар дараах үүргийг өглөө.
1. Засгийн газрын тогтоолоор малчдад олгож байгаа үнэгүй өвс, үнэ хямдруулсан тэжээлийг зорилтот бүлэгт хүргэхэд анхаарч тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
2. Төв суурин газар дулааны эрчим хүчний найдвартай байдлыг хангаж эрчимжүүлэх
3. Гамшигтай холбоотой аливаа зардлыг гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу эхний ээлжинд орон нутгийн төсөв, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж зарцуулах
4. Зудын гамшигт өртөх магадлалтай алслагдсан айл өрх отрын малчин иргэдийн талаарх мэдээллийн санг тодотгож харилцаа холбоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх талаар төлөвлөгөө гаргах
5. Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед байнгын онцгой комисс мэдээллийн шуурхай байдлыг хангаж, улсын Онцгой комиссоос чиглэл авч ажиллах
6. Байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга зэрэг гамшигт үзэгдлийн мэдээллийг багц месежеер сум орон нутгийн удирдлагуудын гар утсанд шуурхай дамжуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга, сэрэмжлүүлгийг явуулах
7. Цасанд хаагдсан зам давааг онгойлгох техник хэрэгслийн байнгын бэлэн байдлыг хангуулж, тээвэр шатахууны асуудлыг шийдвэрлэх
Эрүүл мэндийн газарт: 
-Сум багийн эрүүл мэндийн төв, эмийн санд халуун бууруулах, нянгийн эсрэг, зүрх судасны зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж ажиллах
-Жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангуудаа төв суурин газар бараадуулах
Цагдаагийн газарт:
-Үнэгүй олгосон өвс, хямдруулсан тэжээлийг маш тогтвортой, тээврийн зардал нэмж зарахаас сэргийлж хяналт тавьж ажиллах
-Гамшгийн үед ажиллах хүн хүч, техник, байнгын томилгоот бүлгийг томилгоожуулж албаны бэлэн байдлыг хангах, голомтын бүсэд аюулгүй байдлаа хангаж ажиллах
-Отор нүүдэл хийхдээ гэр орон сууцаа эзэнгүй орхиод явсан айл өрхийн эд хөрөнгийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах
-ОХУ-аас импортоор оруулж ирсэн тэжээлийг малчдад мал махаар солилцох ноосны урамшууллаар болон худалдан авах боломжийн талаар малчдад ойлгуулж мэдээллээр хангах
Мэргэжлийн хяналтын газарт:
-Мал амьтны гоц халдварт өвчин гарсан эрсдэлтэй аймгуудаас мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруул. Зөвшөөрөгдсөн гарал үүслийн бичигтэй мал, махыг оруулна. Цагдаагийн газар, Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллах үүргийг тус тус өглөө.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонслоо.