Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Хашаат, Өгийнуур, Өлзийт суманд аймгийн Засаг даргын 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар шуухай ажлын хэсгийг томилон ажиллуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн аймгийн Засаг даргын “Мал гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гарч гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сумдын удирдлагуудад үүрэг чиглэл хүргүүлээд байна.
Шуурхай ажлын хэсэг болон сумдын Засаг даргын захирамжаар томилогдсон бүрэлдэхүүн 01 дүгээр сарын 13-25-ныг хүртэл хугацаанд Хашаат сумын Жаргалант, Номгон, Цайдам, Цагаан хад, Баян багийн 87 өрхийн 30725, Өгийнуур сумын 16 өрхийн 420 малд тус тус үзлэг хийж постоор дамжин өнгөрсөн 230 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийж, 517 малчинд масс мессежээр сэрэмжлүүлэг хүргэж 990 хүнд санамж боршур тараасан байна. 
Тарнын гүүрэн дэхь “Шижир-Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 15-ны өдрийн а/04 тоот захирамжаар тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байна.
Хашаат сумын Тарнын гүүр, Цагаан хад багийн Бунханы ар, Өгийнуур сумын “Дуурах” уулын ар гэх гурван газарт хяналтын пост гаргаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, автомашины гарах орох хөдөлгөөн, мал амьтдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 
Иймд иргэд, малчид та бүхэн өөрийн малыг байнгын хариулга маллагаатай байлгаж, халдвартай бүс нутаг руу хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.