Нийслэлийн ногоон бүсэд иргэдийн гаргасан хайхрамжгүй үйлдлээс болж гал түймрийн тоо давтамж нэмэгдэж байгааг Онцгой байдлын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа ч ялангуяа амралтын өдрүүдээр салхинд гарах гэсэн иргэдийн цуваа ихсэж, эргүүл хяналтаар ажиллаж буй алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзах явдал цөөнгүй гарч байна.

Нийслэлээс зарласан Хотын соёл аяны хүрээнд иргэдэд зөв хандлагыг хэвшүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, аюул холоос биш өөрийн тань анхаарал, амьдралын зөв хэмнэл, хэвшлээс хамаардаг гэдгийг иргэдэд ойлгуулж хэвшүүлэхийг зорьж 130 гаруй иргэдэд зөвлөмж өглөө. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Богдхан уулын амуудад гарсан иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж ухуулга сурталчилгааг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагч нар зохион байгуулан ажилласан.

Дулааны улирал эхэлж зусландаа гарч байгаа айл өрх, ард иргэд маш хянамгай байж ил гал түлэхээс зайлсхийх, хашаа хавийнхаа шар өвсийг шатаахгүй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ард иргэдэд анхааруулж байна.