Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17 дугаар хуралдаан өнөөдөр болж, өмнөх Онцгой комиссын хурлын шийдвэрийн хэрэгжилт, мал өвөлжилт, отор нүүдэл, Намнангийн өвөр, Тоом, Цагаан бургас, Хөх хөтөл, Улаан богожийн давааны зам засвар, арчлалт, шинэ төрөх эмнэлгийн халаалт, Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбараас өвс, тэжээл татан авах ажлын явц, Дулааны цахилгаан станцын нүүрс татан авалт, аймгийн Онцгой комиссоос гаргасан “Аюулгүй зорчих хэсэг” З сарын аян, уриалгын хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өглөө.  

         УОК-ын Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ аймаг орон нутгаас тавьсан хэд хэдэн асуудлыг УОК, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор улсын нөөцөөс зарим аймаг, сумдын хүн эмнэлэгт автомашин хуваарилснаас Баянзүрх, Бүрэнтогтох сумын хүн эмнэлэгт автомашин олгогдсон байна.

           Мөн  Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 163 дугаар тогтоолоор зарим аймгийн хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулахад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хуваарилсан. Энэхүү тогтоолоор Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлаж байгаа агуулах саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг дэмжсэн юм.

           АОК-ын ээлжит 17 дугаар хурлаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах, Цагаан бургасын давааг засах, Отрын штаб байгуулах, өвөлжилт хүндэрсэн сумдад ажлын хэсэг томилон ажиллуулах, малчид иргэдийн эрүүл мэнд, төрийн шуурхай үйлчилгээнд зориулж аймгийн Засаг даргын Гамшгийн нөөц сангаас тодорхой хөрөнгө хуваарилахаар шийдвэрлэж,  “Аюулгүй зорчих хэсэг” аяны хүрээнд мотоциклоор зорчихыг 2017 оны 2 дугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гараг хүртэл аймгийн хэмжээнд хориглох шийдвэр гаргалаа. Мөн аймгийн Онцгой Комиссоос гаргасан албан даалгавар, захирамж, өгсөн үүргийг биелүүлэхгүй ажил албандаа хайнга хандсан албан хаагчдад хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.