2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 25 минутанд иргэн н.Дэлгэрмаа  утсаар: Бүрэгхангай сум Цахт баг /2/-ийн нутаг Орхон голын Уушигийн гармаар Орхон аймаг руу явж байсан иргэн Б пронтер маркын БУА 0774 улсын дугаартай автомашинтай тэвшин дээрээ 25 ш хонь ачиж, иргэн н.Батбаярын хөвдөг гүүрээр гол гатлах гэж яваад хөвдөг гүүрний чиглүүлэгч троссны 1 шон булгарч  гатлага онгоц хазайсны улмаас автомашин хоньтойгоо усруу унасан, хүн осолдоогүй, гатлага онгоцон  дээр нийт 5 хүн голын дунд гацсан, уснаас аварч, машин  гаргаж өгөөч гэсэн дуудлага өгсөн. Уушигийн гарам нь Бүрэгхангай сумаас 70 км, Орхон аймгаас 50 км, Булган аймгийн төвөөс 80 км зайтай.

Дуудлагаар Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч А.Үүрийнтуяа, Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга а/д  Ц.Батпүрвээр нараар ахлуулсан 5 албан хаагч ажиллан 2016 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 40 минутанд  хөвдөг гүүрэн дээр байсан иргэн М.Батхүү, Ч.Энхтөр, Ш.Хишигсүрэн,  Т.Гантулга,  Ц.Батбаяр зэрэг  5 хүнийг аварч, пронтер маркын автомашиныг татаж гарган эздэд нь хүлээлгэн өглөө.  ГХУХАБ зөвшөөрөлгүй, хяналтгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч үйл ажиллагааг нь зогсоон, сумдын удирдлагуудад үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Онцгой комиссын албан даалгаварын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл, зөвлөгөө өглөө.   

        Ард иргэддээ анхааруулахад:  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.